Thursday, January 13, 2011

Шинэ үеийн Үйлдвэржилт





(draft нийтлэл)
Pre-industrial Economy to Post-industrial Economy as Knowledge-Based Capitalism.

Монгол нутаг хөрсөн дээрээ үржил шимт амьд организм, уран гоё байгалийн тогтоцтой бол газрын гүнд нь түмэн зүйлсийн эрдэс баялаг үелэн тогтжээ. Хүн ард нь нүүдлийн соёл иргэншилээ мянга мянган жил хадгалсаар ирсэн түүхтэй. Өнөө цагт нүүдлийн болон суурьшмал амьдралын хос хэв маягтай болсон ба цаашид газрын баялагтаа тулгуурласан их бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг эрчимтэй эхлүүлэхээр зэхэж, мөн эхэлж байна.

Ингэхдээ аль эрт үеэ өнгөрөөсөн доод, дунд түвшиний технологи, физик нөөцөд суурьласан аж үйлдвэржилтийн үеийг давтах бус харин орчин үеийн дэвшилтэд, өндөр технологи, өндөр мэдлэг, мэргэжилтний нөөцөд тулгуурласан шинэ-үйлдвэржилтийг (мэдлэгжсэн капитлизмыг) өрнө дорноос урин нутагшуулах, өөрсдөө хөгжүүлэх тухай ярьж, зорьж буй билээ.

Энэ нь байгалийн хязгаарлагдмал нөөцөө мэдлэгийн хүчээр үр ашигтай, өндөр бүтээмжтэй, бага хохиролтойгоор ашиглах, дэвшилтэд, өндөр технологийн үйлдвэржилт буюу гүн мэдлэг, гүнзгий судалгаанд суурьласан технологи, бараа бүтээгдхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч, улмаар экспортлогч байх тухай юм. Энэ цагт бид цөөн хүн амтай орны хувьд оюуны шавхагдашгүй их хүчээр тусгаар тогтнолоо дархлан хамгаалж, эх орныхоо эзэд нь өнө мөнхөд байх болно. Ерөөс жижиг үндэстний хүч нөөц нь боловсрол дээрээ л тулгуурладаг.

Үүнийг хэн хийх вэ, хэрхэн хэрэгжүүлдэг вэ? гэсэн асуултууд эргэлдэж болох. Тухайлбал гадаад түншүүдийнхээ тусламжтайгаар нэгэн өндөр технологи бүхий үйлдвэр нутагшуулжээ гэж үзвэл хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагтай. Үүнд: тэнд ажиллах мэргэжилтнүүдийг дотооддоо байнга бэлдэх, хэрэглэгчдээ сурган бэлдэх, бүтээгдхүүндээ зориулсан үйлчилгээг үзүүлэгч байх шаардлагатай. Мөн үйлдвэрлэлийн болон бүтээгдхүүний технологийг нь тогтмол шинэчлэн хөгжүүлдэг (шинэновац/инноваци нэвтрүүлэх) байж гэмээ нь гарах бүтээгдхүүн нь дотоод, гадаад зах зээлд тогтвортой өрсөлдөн, эрэлт ихтэйгээр эргэлтэд идэвхтэй орж байх болно.

Энэ бүгдийг бий болгогч, мэдлэг оюуныг төрүүлж, мэргэжил чадвар эзэмшүүлэгч эх үүсвэр нь Боловсрол, судалгаа шинжилгээний байгууллага билээ. Чухам тэнд л үүсч буй оюуны бүтээгдхүүн үйлдвэрлэлийн бүтээгдхүүнд хувиран улмаар эдийн засгийн эргэлтэд орсноор, эх орны хилийг оюуны хүчээр дархлан хамгаалах тухай баттай нөхцөл бүрдэнэ. Оюун ухаан шавхагдашгүйн зэрэгцээ түүнд хил хязгаар гэж үгүй, ертөнцийн хаа нэгтээ үүсэн бий болж буй оюуны бүтээл, нээлтийг аль ч газар орон өөртөө нэвтрүүлэн, өөрийн болгож авах боломжтой! Тэрхүү мэдлэгийг тасралгүй үүсгэгч, нутагшуулагч, баяжуулан дэлгэрүүлж түгээгч, шавхагдашгүй ундрага нь их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд юм

Тэгвэл  өндөр мэдлэг (мэргэшил) шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэгч байх бүтэц схемийг маш товчхоноор дараах байдлаар дүрсэлж болох талтай. Үүнд:
   а) Их дээд сургууль дээр академик судалгааг түгээмэл хийдэг бол, түүний үр дүнг
   б) технологийн судалгаанд хувиргах,
   в) технологийг тогтмол шинэчлэн баяжуулагч байх, улмаар
   г) үйлдвэрлэлд нэвтрүүлэн бүтээгдхүүн гаргах,
  д) бүтээгдхүүнээ бизнесийн эргэлтэд оруулж, эргэн сургалт, судалгаа, шинжилгээ, технологийн хөгжилдөө хөрөнгө оруулалт болгох гэсэн гинжин цагираг ( =>а<=>б<=>в<=>г<=>д=> ) байх юм.

Ийм бүтцийг тухайн нийгмийнхээ шинэновацийн системийн чухал бүрдэл хэсэг гэж үзэх аваас энэ нь мэдлэгт суурьласан буюу мэдлэгжсэн эдийн засгийн хөдөлгүүр нь болно. Энэхүү гинжэн цагираг бүтцийн зангилаа гархи бүрийн (а, б, в, г, д) (их дээд сургууль, эрдэм судалгааны хүрээлэн, шинэновац, технологи, шинжлэх ухааны парк, үйлдвэр компани, засаг захиргаа, гм) бүтэц, ажиллах механизм, өөр хоорондын хамаарал, түүнчлэн зангилаа хооронд хойш, урагш  шилжих (<=>) шилжилтийг гүйцэтгэгч Төвүүдийн тусламжтайгаар уг хөдөлгүүр сая  бүрэн ажиллах боломж бүрдэнэ. Тус хөдөлгүүрийг тэжээгч шатахуун нь Санхүүжилтийн механизм буюу эдийн засгийн эргэлтэд оруулагч тогтолцоо, мөн боловсон хүчний нөөц (human capital) байх болно. 


Мэдлэгжсэн эдийн засгийн хөдөлгүүрийг бүсүүдэд тархаан байрлуулах аваас, тухайн бүсүүд өөр өөрийн онцлог бүхий хөгжилийн бранд машин болно. Улс орны бүсчилсэн хөгжилийн загвар ийм төрхтэй байх боломжтойг зарим орны саяхны үсрэнгүй хөгжил баталж чаджээ.